ТЭСО корпорацын хамт олон 15 дахь жилдээ бэсрэг наадмаа хийж, дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа.

By 09/17/2018Uncategorized

Нүүдлийн соёл иргэншил, өв заншил, түүх уламжлалыг хадгалсан хэрнээ өнөө цагийн хөгжил дэвшлийг шингээсэн дэлхийд ганцхан Монгол наадам. Уртын дууны шуранхайн дор эрийн гурван наадмаа дэглэж, урин цагийн нөмөрт эв эеэ хичээн, энэрэл хүндлэл түгээх дэргэдийн бахархал Монгол наадам.
Чухам ийм утга агуулгыг билэгдэн ТЭСО корпораци бэсрэг наадмаа жил бүр зохион байгуулсаар өдгөө 15 дахь онтойгоо золгож байна. Эх орноо хөдөлмөр зүтгэлдээ багтаан яваа 1200 гаруй ажилтан нэгэн сэтгэлээр наадамдаа тухалж, дурсамжтай цаг хугацааг хамтдаа бүтээв. Байгаль дэлхийтэйгээ зүс нэгдэн хөгжиж, баг хамт олонтойгоо зүг нийлэн хөөрөлдлөө. Уламжлал ёсоороо есөн цагаан тугаа ёслол төгөлдөр залж, ерэн зургаан бөхийнхөө уран барилдаанаар гоёв. Байгууллагын харваачид цэц мэргэнээ сорьж, бахархам сайхан аялгуугаар дуучид бэлэг барив.
Төв сайхан нутгийн торгон дэнж дээр налгар намрыг ивээсэн хөх тэнгэрээ мишээлгэсээр ТЭСО наадам өнгө тод, утга төгөлдөр зохион байгуулагдлаа. Сүүлийн хагас жилд хийсэн бүтээснээ дүгнүүлж, шагнал урамшууллын хур буулгасан гэрэлт өдрүүд байлаа. “Хамтын хүч” уралдаанд борлуулалтын дүнгээрээ тэргүүлсэн ажилтанд crown маркийн автомашиныг газар дээр нь өгөв. Мөн 10 шилдэг ажилтан харилцаа холбооны дэвшилтэт хэрэгсэл iPhone7 загварын гар утсаар шагнууллаа. Баялаг бүтээгч ТЭСО-той арван жил хамтдаа байсан 60 гаруй ажилтныхаа зүтгэл, чадварыг дэмжин урамшуулж БНХАУ-д аялж амрах эрхийн бичгийг хүндэтгэлтэйгээр гардуулав.
ТЭСО корпораци нь хүнс үйлдвэрлэл, барилгын салбарт дотооддоо хэдийнээ манлайлж, улмаар гадаадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлон Монгол Улсаа дэлхийд таниулсаар явна. Корпорацийнхаа хөгжлийн тулгуур болсон нийт ажилтнууддаа ажил амьдралын өрнүүн бүхнийг хүсэж, ирэх жилийн намар илүү амжилттай золгон наадамлахыг ерөөе!

Teso Corp

About Teso Corp

Тэсо корпораци нь удирдлага, менежментийн цар хүрээг корпорацийн хэмжээнд төлөвлөн хүнс, хүнсний бүтээгдэхүүн, барилга байгууламж, уул уурхай, зам тээвэр, гадаад харилцаа, импорт, экспортын чиглэлээр амжилтай ажиллаж байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.